НҮҮРСНЭЭС ШИНГЭН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛДВЭРИЙН ТӨСӨЛД “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК ХАМТРАН АЖИЛЛАНА
МУ-ын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нүүрс шингэрүүлэх технологийг монголд нэвтрүүлэх, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах, хамтран ажиллах чиглэлээр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт болон Поларис Ассет Корпораци, Женерал Электрик, Ж.П Морган компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт болон УУХҮЯ-ны төлөөлөгчид оролцов.
 
Хатагтай Женифер Зимдал Галт “Поларис Ассет Корпораци нь өнгөрсөн 2 жилийн хугацаанд нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төсөлд Монгол улстай хамтран ажиллах зорилгоор олон удаа ирж, холбогдох хүмүүстэй уулзалт хийсэн. Поларис Ассет Корпораци нь АНУ-ын Худалдааны яам, Төрийн департамент, Монголд суугаа АНУ-ын Элчин сайдын яамыг оролцуулж, АНУ-ын Засгийн газрын дэмжлэгийг аваад байна. Товчхондоо, АНУ-ын эдгээр бүх байгууллага нүүрс шингэрүүлэх технологийг монголд нэвтрүүлэх Поларис Ассет Корпорацийн санаачлагыг идэвхтэй дэмжиж байна” гэдгийг уулзалтын эхэнд онцоллоо.
 
Өнөөдөр дэлхийн улс орнууд бензин, дизелийн хэрэгцээний 30 орчим хувийг дотоодын нүүрснээс гарган авч байна. Ялангуяа Монгол болон газрын тосны импортоос ихээхэн хамааралтай, их хэмжээний нүүрсний нөөцтэй орнуудад нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх нь тохиромжтой юм. Нүүрснээс шингэн түлшийг үйлдвэрлэж суудлын тэрэг, бусад тээврийн хэрэгсэлд ашигладаг төдийгүй Өмнөд Африкийн нүүрсний шингэн түлшийг арилжааны тийрэлтэт онгоцонд ашиглаж байна. Түүнчлэн дэлхий даяар нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж байгаа талаар Поларис Ассет Корпорацийн Гүйцэтгэх захирал Реза Хашампуур мэдээлэл өгөв.
 
Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК нь нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төсөлд АНУ-ын Поларис Ассет Корпорацитай хамтран ажиллах юм. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт “Энэхүү төсөл нь Монголын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, түлш, эрчим хүчний хараат бус байдал, цаашлаад үндэсний аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр шингэн түлш үйлдвэрлэх олон улсын технологийг монголдоо нутагшуулах давуу талтай. Төслийн урьдчилсан тооцооноос харахад нүүрснээс өдөрт 10 мянган баррель шингэн түлш үйлдвэрлэнэ гэж үзвэл жилд ойролцоогоор 269,5 сая ам.долларыг Монголын эдийн засагт хэмнэж өгөх боломжтой. Ирээдүйд шинэ цахилгаан станц барих зардлыг хэмнэхээс гадна нийгэм, эдийн засгийн хувьд маш олон боломжуудыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолсон юм.
НИЙТЭЛСЭН: 2020-07-03 өдөр 15:39:3 цаг