Танилцуулга

Манай газрын Чанарын хяналтын лаборатори нь “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ-ын үндсэн хэсэг бөгөөд 2004 оны 09 дүгээр сард ажиллах боловсон  хүчинтэй болсноор албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Лаборатори нь газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын техник үзүүлэлтүүдийг тодорхойлох АНУ-ын ”Perkin Elmer” брендийн болон БНХГУлсын “Petrotest instruments”, ”Лабортехник”, “Koehler”, ОХУ-ын “Буревестник”, “Термекс лаборатори” компанийн тоног төхөөрөмжүүд мөн Монгол улсын инженерүүдийн бүтээсэн “ММ” загварын төхөөрөмжүүд, ОХУлсын “Экрос Юг” газрын тосны химийн үйлдвэрийн “2М6У” маркын түлшинд хурдавчилсан шинжилгээ хийх явуулын цүнхэн багажуудаар тус тус тоноглогдсон бөгөөд стандарт шаардлагад нийцсэн ажлын байр, хэмжүүр, хэмжих хэрэгсэл, шил сав, бодис урвалжаар бүрэн хангагдсан. Боловсон хүчний хувьд Лабораторийн эрхлэгч-1, шинжээч мэргэжилтэн-2 гэсэн 3  орон тоонд  3 - 8  жил ажилласан туршлагатай мэргэжлийн боловсон хүчинтэй. 

Манай лабораторийн хөдлөшгүй тулгуур зарчим нь хөндлөнгийн аливаа зүйлээс үл хамааран, сонирхогч талын эрх ашиг, үйлчлэлээс бүрэн ангид байж орчин үеийн багаж төхөөрөмж, хэмжүүр хэмжих хэрэгсэлээр түргэн шуурхай, үнэнч шударга үйлчилгээ үзүүлж, хяналтын шинжилгээний хариуг боловсруулах явдал юм.

            Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019/08/14-ний А/263 тоот тушаалаар 4 жилийн хугацаатай буюу 2023/05/23-ны өдрийг хүртэл итгэмжлэлийн гэрчилгээг хүлээн авсан. Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын  дагуу манай лаборатори нь:

Автобензинд: Хувийн жин, найрлагын бүрэлдэхүүн, зэс хавтгайн туршилт, ханасан уурын даралт, бодит давирхайн хэмжээ, усны агууламж, механик хольц, усанд уусах хүчил шүлт

Дизель түлшинд: Хувийн жин, кинематик зууралдлага, дөл үүсэх температур битүү тигельд, найрлагын бүрэлдэхүүн, усны агууламж, механик хольц, усанд уусах хүчил шүлт

Онгоцны бензин, ЖЕТ А-1 түлшинд, керосинд:  Хувийн жин, кинематик зууралдлага, дөл үүсэх температур битүү тигельд, найрлагын бүрэлдэхүүн, зэс хавтгайн туршилт усны агууламж, механик хольц, усанд уусах хүчил шүлт зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж байна.

            2008 оноос хойш  дээж авсан акт, шинжилгээний хуудсыг баримтжуулан гаргаж байгаа бөгөөд 2022 оны байдлаар нийт 1063 удаагийн дээж авч шинжилгээ хийсэн байна. 

БНХАУ болон гуравдагч улсуудаас импортлогдож буй автобензин, дизель түлш, керосин, Жет А-1 түлшнээс эхний цэг дээр дээж авч шинжилгээ хийж байгаа нь  Монголын зах зээл, хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөхгүй байхад нөлөөлж чадах алхам болж байгаараараа чухал ач холбогдолтой ажил юм. Чанарын хяналтын лаборатори нь цаг үеийн дэвшилтэт технологийг дотооддоо нэвтрүүлэн үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлсээр байна.

 


 

НИЙТЭЛСЭН: 2022-08-05 өдөр 09:21:2 цаг