Танилцуулга
Замын-Үүдэд Шингэн Түлш Шилжүүлэн Ачих Байгууламжийг газрын тосны бүтээгдэхүүний импортын хоёр дахь эх үүсвэр бий болгох зорилгоор Монгол улсын Засгийн газраас Европын холбоотой хамтран ТАСИС хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр барьж 2004 оны 4 дүгээр сард ашиглалтанд оруулсан юм.
 
Байгууламжийн үндсэн зураг төслийг Европын холбооноос боловсруулсан төслийн дагуу ХБНГУ-ын “Прова Инженеринг” компаниас олон улсын API, NFPA, DIN стандартын дагуу төлөвлөн тоног төхөөрөмжийг нийлүүлж, угсралтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн юм. 
 
Энэхүү шилжүүлэн ачих байгууламж нь орчин үеийн технологи, тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан, үйл ажиллагааны нэгдсэн систем бүхий Европын болон олон улсын сүүлийн үеийн стандартын шаардлагад нийцсэн Монгол улсын анхны иж бүрэн газрын тосны байгууламж юм. Тухайлбал: 
 
  • Газрын тосны бүтээгдэхүүн (автобензин, дизель түлш, Жет А-1, керосин)-ийг хүлээн авах, ачих үйл ажиллагаа бүрэн автоматжуулагдсан
  • Технологийн бүх шатанд хэмжүүр, хэмжих хэрэгсэлтэй, тэдгээр нь удирдлагын төв компьютерт холбогдсон тул бүтээгдэхүүний хэмжилт, бүртгэл тооцоог компьютерээр гүйцэтгэдэг.
  • Газрын тосны бүтээгдэхүүнээр байгаль орчныг бохирдуулахгүй байх хамгаалалтын системтэй
  • Галын аюулаас урьдчилан сэргийлэх, гал гарсан тохиолдолд богино хугацаанд унтраах ус, хөөсөөр хангах бүрэн автомат системтэй
  • Цахилгаан усан хангамж, холбоо зэрэг инженерийн өөрийн иж бүрэн байгууламжтай 
  • Газрын тосны бүтээгдэхүүний технологи, цахилгаан хангамж, усан хангамж, гал унтраах системийг удирдах, хянах, алдаа гэмтлийг оношлох компьютерийн төв удирдлагын системтэй юм.
Байгууламжийн үндсэн үйл ажиллагаа нь БНХАУ-аас нарийн царигийн вагонцистернээр нийлүүлэгдэж байгаа газрын тосны бүтээгдэхүүн (автобензин, дизель түлш, Жет А-1, керосин)-ийг өргөн царигийн вагонцистернд шилжүүлэн ачих юм.
 
2 цагийн хугацаанд нэгэн зэрэг 8н вагонцистернээс буулгах болон 8 вагонцистернд шилжүүлэн ачих хүчин чадалтай.
 
Тус шилжүүлэн ачих байгууламж нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, ачих зориулалттай бөгөөд дараах үндсэн тоног төхөөрөмжөөс бүрдэнэ.
 
 
  • Резервуарын парк: Нийт 20000м3 багтаамж бүхий автобензин, дизель түлшний 6ш босоо ган савтай. Сав тус бүр нь галын аюулгүйн үүднээс хөргөлтийн болон хөөс өгөх зориулалтын шугам хоолойгоор тоноглогдсон. Паркийн далангийн дотор талд халилт  асгаралтын үед газрын тосны бүтээгдэхүүнийг газрын хөрсөнд үл нэвчүүлэх зориулалттай материал дэвсэж хөрсөөр хучсан. Далангийн зүүн, баруун 2 талд гал унтраах зориулалттай хөөсний буу, баруун болон урд талд галын аюулгүйн дохиолол байрлана.
  • Насос станц: Газрын тосны бүтээгдэхүүнийг шилжүүлэн ачих 120м3/цаг хүчин чадалтай 8ширхэг, автоцистернд ачих 20м3/цаг хүчин чадалтай 2 ширхэг насостой. Мөн вакум систем, газрын тосны бүтээгдэхүүний хувийн жинг тодорхойлох массметр, хий ангижруулагч, фильтр, хийн удирдлагатай хаалтууд байрлана. Гал унтраах төхөөрөмжөөр тоноглогдсон.
  • Вагонэстакад: Вагонэстакад нь 2 талаараа 8,8н вагонцистерн хүлээн авах ба нарийн цариг талдаа 8ш буулгах, өргөн цариг талдаа ачих буулгах 8ш гар байрлана. Технологийн үйл ажиллагаа тус бүрийг хянах мэдрэгчүүд энд байрлах ба бүх технологийн дарааллыг үнэн зөв гүйцэтгэсэн эсэхийг хяналтын самбарт байрлах улаан, ногоон өнгийн гэрлээр мэдээлнэ. Ачилт буулгалтын үеийн үйл ажиллагааг хяналтын самбараас эхлүүлнэ. Вагонцистерн ачигдаж дүүрэхэд дүүргэлт мэдрэгч дохиолол өгснөөр ачилт буулгалтын үеийн үйл ажиллагаа автоматаар зогсоно. Гал унтраах төхөөрөмжөөр тоноглогдсон.
  • Авто ачих: Савнаас автобензин, дизель түлшийг автоцистернд ачих зориулалттай гар байрлана. Технологийн үйл ажиллагааг Accuoload-III автоматжуулсан систем ашиглан явуулах ба автоцистернийг дүүрч халихаас сэргийлэх дүүргэлт мэдрэгчтэй. Технологийн үйл ажиллагааны дэс дараалал бүрийг хянах мэдрэгчүүд мөн энд байрлаж, дарааллыг үнэн зөв бүрэн гүйцэтгэсэн эсэхээс хамаарч ачилтын ажиллагааг эхлүүлэх зөвшөөрлийг системд өгнө.
  • Олон талт барилга: Технологийн үйл ажиллагааг хянах, удирдах компьютер, дизель генератор, галын дизель насос, усан сан, гал унтраах системийн удирдлагын самбар, тоног төхөөрөмжийн удирдлагын паиелиуд байрлана.
  • Гал унтраах систем: Тус байгууламж нь гал унтраах иж бүрэн автомат системтэй. Үүнд:
    • Галын дохиолол
    • Галын гидрантууд 
    • Хөөсний буу, шүршигч
    • Усан сан – 600м3
    • Галын дизель насос
    • Гал унтраах хөөс
    • Саванд хөөс өгөх болон хөргөлтийн хоолой
 
  • Лаборатори: Тус лаборатори нь газрын тосны бүтээгдэхүүн (автобензин, дизель түлш, Жет А-1, керосин)-ийг өргөн царигийн  вагонцистерн болон автоцистернд ачих үед хүлээн авах ба түгээлтийн үеийн, саванд хадгалах үед хадгалалтын үеийн шинжилгээг MNS болон ГОСТ, АСТМ стандартуудын дагуу хийж гүйцэтгэж байна.
Манай лабораторийн хөдлөшгүй тулгуур зарчим нь хөндлөнгийн аливаа зүйлээс үл хамааран, сонирхогч талын эрх ашиг, үйлчлэлээс бүрэн ангид байж орчин үеийн багаж төхөөрөмж, хэмжүүр хэмжих хэрэгсэлээр түргэн шуурхай, үнэнч шударга үйлчилгээ үзүүлж, хяналтын шинжилгээний хариуг боловсруулах явдал юм. 
 
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2019/08/14-ний А/263 тоот тушаалаар 4 жилийн хугацаатай буюу 2023/05/23-ны өдрийг хүртэл итгэмжлэлийн гэрчилгээг хүлээн авсан. Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын  дагуу:
 
Автобензинд: Хувийн жин, найрлагын бүрэлдэхүүн, зэс хавтгайн туршилт, ханасан уурын даралт, бодит давирхайн хэмжээ, усны агууламж, механик хольц, усанд уусах хүчил шүлт
Дизель түлшинд: Хувийн жин, кинематик зууралдлага, дөл үүсэх температур битүү тигельд, найрлагын бүрэлдэхүүн, усны агууламж, механик хольц, усанд уусах хүчил шүлт
Онгоцны бензин, ЖЕТ А-1 түлшинд, керосинд:  Хувийн жин, кинематик зууралдлага, дөл үүсэх температур битүү тигельд, найрлагын бүрэлдэхүүн, зэс хавтгайн туршилт усны агууламж, механик хольц, усанд уусах хүчил шүлт зэрэг үзүүлэлтүүдийг тодорхойлж байна. 
 
БНХАУ болон гуравдагч улсуудаас импортлогдож буй автобензин, дизель түлш, керосин, Жет А-1 түлшнээс эхний цэг дээр дээж авч шинжилгээ хийж байгаа нь  Монголын зах зээл, хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөхгүй байхад нөлөөлж чадах алхам болж байгаараараа чухал ач холбогдолтой ажил юм.
2008 оноос хойш  дээж авсан акт, шинжилгээний хуудсыг баримтжуулан гаргаж байгаа бөгөөд 2018 оныг хүртэл нийт  643 удаагийн дээж авч шинжилгээ хийсэн байна. 
 
Манай лаборатори нь нийт 62.61м2 талбайтай.
 
  • бодис хадгалах өрөө /4.72м2/
  • шинжилгээний өрөө /44.2м2/
  • жингийн өрөө /6.09м2/
  • аврах гарцын /4.1м2/
  • үүдний хэсэг /3.5м2/ хэсэг гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ.
 
  • Дизель станц: Олон талт барилга дотор байрлах ба төвийн эрчим хүч тасарсан үед автоматаар асах 3 өөр хүчин чадал бүхий дизель генератортой. Байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний ачааллаас хамаарч 60 kW 160 kW , 315 kW дизель генераторыг тэжээх дизель түлшний 10м3 савтай.
  • Уурын зуух: Объектуудыг дулаанаар болон хэрэгцээний халуун усаар хангах зориулалттай. Одоо 36kW-ын хүчин чадалтай цахилгаан 2 тенн ажиллаж байна. Нөөцөнд хатуу түлшээр галлах бага оврын 2ш зуухтай.
  • Гүний худаг: Байгууламжийн хашааны гадна хойд талд байрлана. Байгууламжийн усны эх үүсвэр. 95м гүнтэй. 
НИЙТЭЛСЭН: 2020-07-06 өдөр 17:34:2 цаг