Шингэн түлш хадгалах байгууламжийг өргөтгөлөө
Өнгөрөгч амралтын өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд урд хөшөөс нийлүүлсэн газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах ачих зориулалттай “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ-ийн өргөтгөлийг хүлээлгэн өглөө. 2004 онд Европын холбооны ТАСИС хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжийн хөрөнгөөр газрын тосны бүтээгдэхүүний импортын хоёр дахь эх үүсвэр бий болгохоор уг байгууламжийг ашиглалтад оруулж байсан аж.
 
15 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачдаг байсан уг байгууламжийг 40 мянган тонн болгон өргөтгөх ажлыг “Алхана трейд” компани таван жилийн хугацаанд хоёр үе шаттайгаар хийж, улсын төсвөөс 10 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Өргөтгөл хийгдсэнээр шатахуун хадгалах савны багтаамж 6000 шоо метр байсныг гурав дахин буюу 20 мянга болгон нэмэгдүүлсэн байна.
 
Тодруулбал, 20 мянган шоо метрийн багтаамж бүхий автобензин, дизель түлшний зургаан ширхэг босоо ган савтай. Тус бүрдээ галын аюулгүйн үүднээс хөргөлтийн болон хөөс өгөх зориулалтын шугам хоолойгоор тоноглогдсон. Мөн цагт 120 шоо метр газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих хүчин чадалтай найман насос, цагт 20 шоо метрийг автоцистернд ачих хоёр насос тэнд бий. Түүнчлэн лаборатори, дизель станц, уурын зуух, гүний худгийг ашиглалтад оруулжээ.
 
Тус байгууламжийн үндсэн ажиллагаа нь БНХАУ-аас нарийн царигийн вагонцистернээр нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг өргөн царигийн вагонцистернд шилжүүлэн ачих юм. Хоёр цагийн хугацаанд нэг зэрэг найман вагонцистернээс буулгах болон шилжүүлэн ачих хүчин чадалтай. Мөн автобензин, дизель түлшийг хүлээн авах, хадгалах, ачих ажээ.
 
Холбогдох албаны хүмүүс ийн өгүүллээ.
 
Уул уурхайн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн “Монгол Улсын импортлож буй шатахууны 40 орчим хувийг Замын-Үүдийн боомтоор авч, улмаар нэг орноос импортын хараат байдлыг бууруулж, олон улсаас газрын тосны бүтээгдэхүүн импортлох боломжийг бүрдүүлж байна” хэмээн онцолсон юм.
 
Өргөтгөлийн ажлын явцад технологийн шугам хоолой, насосны станц, ослын систем болон авто эстакадын ажил, автоматжуулалтын системийг “Эм Пи Ай Консалтантс” компани хийсэн гэнэ. “Эм Пи Ай Консалтантс” компанийн ерөнхий захирал Д.Гансүх хэлэхдээ “Орчин үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, найдвартай ажиллагаатай автоматжуулалт, удирдлага хяналтын системийг нэвтрүүллээ. Бид гурван жилийн баталгаат хугацаа өгч байгаа. Энэ хугацаанд “Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ–тай хамтран ажиллана.
 
Мөн шатахуун хүлээн авах ачих, хадгалах технологид хэмжих, хянах автомат хэрэгсэл ашигласнаар хорогдол болон агаарын бохирдлыг бууруулах төдийгүй технологийн бүх ажиллагааг нэгдсэн системээс удирдана. Түүнчлэн программ хангамж ашиглан тайлан мэдээг цаг алдалгүй хүлээн авах, хянах, байгууллагын удирдлага болон захиалагчийг мэдээллээр богино хугацаанд хангаж, үйл ажиллагаа нь илүү шуурхай болно. Ингэснээр ашиглалтын болон засварын зардал эрс багасна” гэсэн юм.
 
Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засагт стратегийн ач холбогдолтой, газрын тосны бүтээгдэхүүнийг БНХАУ, БНСУ, Япон болон Сингапур орноос импортлох боломжтой болж байгааг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн онцолсон.
 
Тэрбээр хэлэхдээ “Бидэнд хийх ажил цөөнгүй бий.Тухайлбал, дотооддоо нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх цистерн ердөө 31 бий. Сард хамгийн ихдээ 15-16 мянган тонныг тээвэрлэж, дотооддоо шилжүүлэх бололцоог бидэнд олгож байна. Үүнийгээ нэмэгдүүлбэл нөхцөл байдал өөрчлөгдөнө. Замын-Үүдэд  байгуулагдсан энэхүү обьектийг өргөтгөх ажлын үр дүн ОХУ-ын компаниудтай хийх хэлэлцээрт нөлөөлсөн.
 
Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарч, үнийн өрсөлдөөн бий болох бөгөөд бодит үр дүнгээ өгч байна. Өөрөөр хэлбэл, “Роснефть”-тэй түүхий нефтийн үнэд суурилсан бүтээгдэхүүний үнийн томъёоллыг тохирсон нь бодит жишээ юм. Учир нь ОХУ-ын талаас бид цэвэр хамааралтай байсан ч өнөөдөр энэхүү өргөтгөл хийгдсэнээр шатахууны үнийг дэлхийн зах зээлтэй уялдуулан тогтоох хэлэлцээнд томоохон түлхэц өгсөн” гэлээ.
 
“Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал  Б.Дашпүрэв: “Монгол Улсын газрын тосны салбарт шилдэг техник технологи нэвтрүүлэн аюулгүй байдал, хангамжийн эх үүсвэрийг  нэмэгдүүлэх зорилгоор шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөлөө. Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөснөөр харьцангуй хямд үнээр евро-4, 5 стандартын чанартай бүтээгдэхүүнийг импортлон “Оюутолгой” компанид нийлүүлж байна. Өргөтгөлийн ажлыг 2014 онд дуусгасан ч автоматжуулаагүй тул энэ хэсгийг ашиглах боломжгүй байсан. Шаардлагатай төсвийг улсын төсөвт тусгасны дагуу Худалдан авах ажиллагааны газраас тендер зарлан “Эм Пи Ай Консалтантс” компани шалгаран автоматжуулах ажлыг гүйцэтгэсэн” гэв.
 
Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Ж,Галбадрах: “Дорноговь аймагт төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого амжилттай хэрэгжлээ. Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж” ТӨҮГ-ын байгууламжийг өргөтгөснөөр Дорноговь төдийгүй Монгол улсад эдийн засгийн үр ашгийг авчирна. Нефтийн бүтээгдэхүүн нь стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн учраас орон нутгийн хувьд нефтийн нөөц, хомсдлоос сэргийлнэ. Нөгөө талаар ТӨҮГ-т шинээр ажлын байр нэмэгдэж байна” хэмээн онцолсон юм.
НИЙТЭЛСЭН: 2020-07-03 өдөр 15:42:0 цаг